"Хайрт жентлчүүдтэйгээ уулзан ярилцсанаа дэлгэхээр шинэхэн цувралаа бид нээж байна. Хөвөн даавуун бүтээгдэхүүний салбарт эргэлт буцалтгүй орж ажилласан өнгөрсөн 5 жилийн хугацаанд шүүмж, урам зориг, бас туршлагаа хуваалцаж дэмжсээр ирсэн хэрэглэгчидтэйгээ цөөн хормыг ч болов халуун дотноор ярилцсан нь энэ билээ. Өөрийн онцлог, үнэт туршлага бүхий ажиллаж буй салбар бүрдээ гялалзаж яваа жентлчүүдийн илгээсэн чухал үгсийг “Gentle hint” цувралаар дамжуулан дайн хүргэе, хүлээн авна уу"
"Бид шинэ оны босгон дээр Б.Тэмүүлэнгээ амаржихаасаа өмнө уулзсан тул эрүүл иргэнийг бойжуулахад нэмэр болох сэдвийг хөндөж ярилцсан юм шүү"
Яг одоо хэрэгжүүлж байгаа “Night routine”-ээ хуваалцаж болох уу?
Би төрөх нэлээн дөхчихсөн байгаа болохоор булчингаа суллаж амраахын тулд халуун ваннд хэвтэх дуртай болсон. Өдөржин ачаалал авсан биеийн булчингаа сулласнаар хангалттай нойр авахад дэмтэй байдаг. Ер нь өвлийн улиралд хөнжил, ор дэрний даавуу их чухал үүрэгтэй юм шиг санагддаг. Тиймээс яг цэвэр хөвөн даавуу сонгохыг хичээдэг дээ. Цэвэр хөвөн даавуу арьсанд зөөлөн, таатай мэдрэгдэхээс гадна хөлөргөхгүй, дулаахан бас хуурай мэдрэмж төрүүлдэг. Үүнээс гадна өвлийн хүндрүүлсэн хөнжил бат бөх нойр авахад хэрэгтэй юм билээ.
Өглөө хэрхэн эхэлбэл таны хувьд хамгийн төгс вэ?
Манай аав өглөө болгон кофе чанадаг юм. Хүүхэд байхад өглөө нойрмоглоод сэрэхгүй байвал аав маань чанасан кофегоо хамран дээр ирж үнэртүүлдэг байсан. Өглөө гэхээр хамгийн түрүүнд орж ирдэг дурсамж бол аавын чанасан кофены үнэр. Манай гэрийн өглөөний хүн бол аав. Одоо бодоход өдрийг хэрхэн эхлүүлэх, шөнө хэр сайн амрах эсэх нь гэр бүлийнхний амьдралын хэмнэлээс багагүй шалтгаалдаг юм шиг ээ. Манай аав залуугаасаа америкчуудтай ажилласан болохоор нэлээн америк соёлтой. Багаас л том трак машин унана, жийнс, ковбой малгай өмсөнө, барууны коунтри дуу сонсдог. Өөрөө бас дуунд их дуртай, гоё хуучны пянз их сонсдог. Өглөөний тухай бас нэгэн дурсамж бол дуу юм байна. Аав кофе чанангаа дуу тавьж өглөөг угтдаг. Тэрэнд нь манай гэрийнхэн бүгдээрээ сэрчихдэг (инээв).
Таны хувьд шөнийн бүтэн нойрыг хэр чухалчилдаг вэ?
Нойр гэдэг хүний сэтгэл зүй, цаашлаад амжилт бүтээл, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой маш том хүчин зүйл. Нойр муутай, өглөө тухгүй сэрсэн хүн өдөржин бухимдалтай, таагүй сэтгэл зүйтэй байх нь цөөнгүй. Тиймээс аль болох өглөө, оройны зөв дадлыг бага наснаас нь эхлэн суулгаж хэвшүүлэх хэрэгтэй гэж боддог. Шөнө хэдэн цаг унтсан гэдгээс гадна гүн нойр авч чадаж байгаа эсэх нь их нөлөөтэй. Гүн нойрны үед тархи амарч, өдөртөө цуглуулсан асар их мэдээллийг ач холбогдлоор нь ангилж ялгах ажлыг гүйцэтгэдэг. Ингэснээр өглөө нь бодол цэгцтэй, сэтгэл санаа тогтуун байдаг.
Нойр хулжсан үедээ хэрхэн сайтар амрах талаар таны өгөх зөвлөгөө?
Ер нь шөнө нойр хүрдэггүй нэг шалтгаан бол бодол. Тасралтгүй бодол ар араасаа урсаад л байвал хүний нойр хүрдэггүй. Иймд бодлоо цэгцлээд, тайвшрах үед хүний нойр аажмаар хүрч эхэлдэг. Нойр хулжсан үедээ би далайн давлагааны чимээ сонсох дуртай. Мөн тайвшруулах үйлчилгээтэй амин тоснууд их дэмтэй санагддаг шүү. Далайн давлагааны чимээ: Сонсох бол энд дар
Мэдээж эмч талаас тань нойртой холбоотой мэдээлэл асуулгүй өнгөрч болохгүй байх, хэчнээн их унтсан ч өглөө ядарч сэрэх нь юутай холбоотой вэ?
Маш олон шалтгаантай байж болно. Манай эмнэлэгийн хувьд монголд анхлан нэвтрүүлсэн эмчилгээгээ хийгээд 4 дэх жилдээ золгож байна. Энэ нь нойрон дундах амьсгал тасалдал, бөглөрлийг эмчлэх юм. Монголд айл болгоны хаалганы цаана шөнө хурхирдаг хүн байж л байдаг. Энэ талаар хүмүүс ихэвчлэн гүехэн мэдлэгтэй байдаг нь харамсалтай санагддаг шүү. Их чанга, удаан хурхирч унтдаг хүмүүс шөнө бүр амь тэмцэж байгаагаас ялгаагүй юм. Хурхирч байна гэдэг бол шөнө унтаж байхдаа хүчилтөрөгчийн дутмагшилд орж байна гэсэн үг. Үүнээс болоод зүрх хэт ачаалал авна. Унтаад сэрэхэд хүн маш сайхан амарч сэрэх ёстой байтал шөнөжингөө хурхираад тухгүй унтахаар өглөө ядарсан мэдрэмжтэй сэрэх нь элбэг. Бас хурхирч байгаад гэнэт зогсдог үе байдаг даа, амьсгалахгүй гацах ч гэх юм уу. Тэр үед хоолойгоо боолгож байгаатай ижилхэн мэдрэмж хүн авдаг. Энэ үед хүний зүрх түр зогсдог гэж анагаах ухаан талаас үздэг. Хурхирч унтдаг хүмүүс өдөр авч буй ачааллаасаа их ачааллыг унтаж байхдаа авдаг.
Ингэж хурхирах, ядарсан мэдрэмжтэй сэрэх нь ямар шалтгаантай вэ?
Шөнө амьсгал бөглөрөх, хурхирах шалтгаан бол хоншоор, эрүүний дутуу хөгжлөөс ихэвчлэн шалтгаалсан байх магадлалтай байдаг. Хүн амаа бүрэн хаахад хэл нь зөв байрших ёстой. Хэлний зөв байршил гэдэг нь хэл тагнайд наалдаж сорогдож байрлахыг хэлнэ. Гэтэл хэл аман дотроо багтахгүй байвал хүн амаа ангайхаас өөр аргагүй хүрдэг. Өөрөөр хэлбэл таглаатай саван дотор багтахгүй юм хийгээд таглах гээд хүчилж буйтай ижилхэн. Хоншоор, эрүүний хөгжил нь нярай үед хөхөөр хооллох үеэс эхэлдэг. Хөхөөр хооллох нь хоншоор, эрүүний хөгжилд яагаад чухал үүрэгтэй вэ гэхээр ээжийн хөхний толгойноос хөхний сүүг хэлний булчин, аман доторх болон гадна байрлах булчинг оролцуулан сорж хооллодог. Харин угжаар хооллох үед тэдгээр булчингууд ээжийнхээ хөхөөр хооллохоос харьцангуй бага ачааллыг авдаг. Тэгэхээр булчингийн хөгжил хоцрогдох, улмаар бор хоолонд орох үед буруу залгих гэх мэт зуршлаас үүдэн эрүү нүүрний гажиг үүсэх эрсдэлтэй. Энгийнээр тайлбарлавал, хүний хэл аман дотроо зөв байршихгүй, багтахгүй болох нь нярай, хөхүүл үеэс ихэвчлэн үүсдэг. Хоншоор хавчиг болж өсөлт хоцрогдсоноос шалтгаалан хамрын амьсгал саадтай болох эсэх нь шийдэгддэг тул шөнийн нойронд нөлөөлж эхэлдэг. Нэг ёсондоо хүний амьдралын чанарт тэр чигээр нь нөлөөлдөг учир хүүхдүүдээ нялх үеэс нь эхлэн зөв хөгжлийн суурийг нь тавих хэрэгтэй юм шүү.
Хоншоор, эрүүний хөгжил нь нярай үед хөхөөр хооллох үеэс эхэлдэг.
Дараа нь зажлуурын булчин, хэлний хөвчийг хөгжүүлэх дадал зуршил нь хоншоор, эрүүний хөгжилд оролцдог. Ирээдүйд энэ нь нойрны асуудлын суурь болох эрсдэлтэй учир огт тоохгүй өнгөрч болохгүй юм. Цаашлаад хоншоор эрүүний дутуу хөгжил хамрын хөндийд хүртэл нөлөөлдөг. Ингэхээр нойрны чанарт асар өндөр оролцоотой байгаа биз? Үүнийг сууриар нь сайн ойлгож, анхаарч эхлэх хэрэгтэй юм шүү.
Бидэнд үнэтэй мэдээлэл хуваалцсанд баярлалаа.