Танилц: Энэ бол модны эслэгээр хийгдсэн “Tencel” даавуу!

Мод ургамал хүчилтөрөгч үйлдвэрлэдэг, хөрсний чийгшлийг хадгалдаг, цөөнгүй амьтдын идэш тэжээл болдог гэх мэт байгалийн тэнцвэртэй эргэлтийн чухал нэгэн оролцогч мөн. Гэхдээ дээрх ашиг тусаас гадна нэгэн гайхалтай материалын эх үндэс болсныг бид танд танилцуулахаар бэлтгэлээ. Энэ бол модны эслэгээс гарган авсан TENCEL даавуу юм. Зарим талаараа торготой эн дүйцүүлэн жишигддэг энэхүү зөөлөн, торгомсог, хөнгөн даавуу нь хэрэглээний хувьд маш олон давуу талтай билээ.

Тус даавууны үйлдвэрлэл бүхэлдээ байгальд ээлтэй өрнөдөг. Учир нь ойн экосистемд халдахгүйн тулд ихэвчлэн таримал моддын түүхий эдийг ашигладаг ба үйлдвэрийн технологийн хувьд хог хаягдал хамгийн бага ялгаруулдаг аж. Таримал моддыг тодорхой хугацааны дараа түүхий эд болгон бэлтгэж, улмаар тусгай бодисоор зөөлрүүлэн модыг нухаш болгон бутална. Энэхүү шат дамжлагад ашиглагддаг химийн уусмал нь хүний бие, байгальд огтхон ч хоргүй байдгаараа онцлогтой. Дараа нь тэрхүү буталсан модноос целлюлоз эслэг ялган авч бэхжүүлэгчтэй нийлүүлэн утас боловсруулна. Үр дүнд нь  tencel даавуу бий болдог байна.

 

Ялгарах онцлогууд:

  • Зориулалтын таримал модоор түүхий эд бэлтгэдэг. Мөн үйлдвэрлэлийн явцад цэвэр ус бага зарцуулдаг учир хүлэмжийн ялгаруулалт багатай.
  • Урт удаан хугацааны эдэлгээ даах чанартай, бат бөх.
  • Хөнгөн, торгомсог, агаар нэвтрүүлэх өндөр шинж чанартай.
  • Хөлс, чийгийг шингээн авч, хурдан хатдаг.
  • Маш бага үрчийлт үүсдэг тул сүүлийн үед хувцас дизайнд өргөн ашиглагдаж байна.
  • Бактерийн өсөлтийг хязгаарлах чанартай учир элдэв эвгүй үнэр, бохирдол үүсэхээс сэргийлдэг.
  •  Tencel даавуу нь будаг сайн шингээдэг. Ингэснээр өнгөө урт хугацаанд хадгалдаг.